Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн түүхтэй.
Монгол Улсад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн түүх 1921 онд “Саж ламын хэрэг” гэгч зохиомол хэргээр эхлэл нь тавигдаж, 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо нарын 14 хүнийг Шар хаданд буудан хороожээ. Улмаар нам, төрийн зүтгэлтэн С.Данзан нарыг үргэлжлүүлэн хэлмэгдүүлж, 1930-аад оноос хэлмэгдүүлэлт улам зохион байгуулалттай болсны жишээ нь “Лхүмбийн хэрэг” байв. Хэлмэгдүүлэлт 1937 онд оргилдоо хүрч, 1990 он хүртэл бусад хэлбэрээр үргэлжилсэн байна. Олон мянган хүний амь нас, ажил амьдрал, эрүүл мэндийг хохироож, үр хүүхэд, удам хойчсыг сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хэлмэгдүүлсэн аймшигт үйл явц 1921-1990 оны хооронд эрчимтэй үргэлжилсэн гэсэн үг. Үүнийг “Их хэлмэгдүүлэлт, Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн тодотгодог.
Манай улсад нийт хэлмэгдэгч – 31,652
Хэлмэгдсэн лам, хуварга – 18,775 буюу 59.7 хувь
Үүнээс:
Цаазын ялаар шийтгэгдсэн – 13,827 буюу 73.6 хувь
Хорих ялаар шийтгэгдсэн – 4,039 буюу 21.5 хувь
Бусад /баривчлагдаад суллагдсан, шоронд нас барсан, шийтгэсэн тогтоолгүй, ор сураггүй алга болсон гэх мэт/ - 909 буюу 4.8 хувь
Хэлмэгдүүлэлт өрнөсөн хугацаанд устгагдсан сүм хийдийн тоо - 1,250 орчим (Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан статистикаас)
Энэхүү дурсгалыг хүндэтгэх өдрөөр сумын ИТХ-ын дарга Д.Лхагвадорж, ИТХ-ын төлөөлөгч, нийгмийн бодлогын хорооны гишүүн Б.Наранчимэг нар 1945 оны дайны үед хилс хэрэгт хэлмэгдсэн Т.Баянцагааны охин Б.Буянтогтохыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Т.Баянцагаан нь 1945 оны дайнд оролцож явахдаа холбооны шугамын утсыг санаатайгаар тасалсан гэх хэрэгт гүтгэгдэн 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Хожим түүнийг гэм буруугүй хэмээн цагаатгасан байна.

